Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих сан нь Монгол улсад 2004 оноос эхлэн  үйл ажиллагаагаа явуулж одоогоор Нийслэлийн 9 дүүрэг ба Төв аймгийн 5 сумын нийт 3330 өрхийн 10668 хүүхдэд халамжийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хүүхдийн боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн 20 гаруй нэр төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус сан нь 2009 оноос эхлэн хүүхэд залуучуудад чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх тав тухтай орчинг бүрдүүлж, хүүхэд багачуудын ном унших сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор “Номын өргөө” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 9 дүүргийн захын гэр хорооллууд дундах ЕБ-ын 12 сургууль болон хороодуудын байранд нийт 23 номын санг бүрэн тохижуулан хүлээлгэн өгч, 50 гаруй сургууль болон хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад номын хандив өгсөн.

Хэдийгээр бид сүүлийн 13 жилийн турш ЕБ-ын сургууль болон хүүхдийн байгууллагуудад тасралтгүй номын хандив өгч байгаа боловч бидэнд хандах хүсэлтийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ нь хүүхдийн ном унших хэрэгцээ их байгааг харуулж байгаа сайхан хэрэг боловч нөгөөтэйгүүр уг хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа нь бидний сэтгэлийг ихэд зовоож байна. Тиймээс бид энэ жилээс эхлэн номын хандив хүлээн авч, олны хүчээр энэхүү хэрэгцээг хангахын төлөө ажиллаж эхэллээ. Та бүхэн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн ирээдүйн боловсролыг дэмжин бидэнтэй хамтран ажиллаж, алслагдсан гэр хороолол, аймаг сумдын сургууль болон дотуур байрны номын сангийн фондыг өргөтгөх, хүүхдүүдийг номын ертөнцөөр аялуулах ажилд сэтгэл гарган оролцохыг хүсэж байна. Та бүхнээс ирсэн номын хандивыг бид номын хэрэгцээ хамгийн их байгаа газрыг олж хүргэх болно. Бидний хүсэлтийг хүлээн авч дэмжин ажиллана гэдэгт гүнээ итгэлтэй байна.

Хэрэв та бүхэн манай энэхүү номын хандивын аянд нэгдэхийг хүсч байвал amaka@ccf.org.tw хаягаар имэйл бичиж холбогдох мэдээллээ үлдээнэ үү. Бид та бүхэнтэй эргэн холбогдох болно.

Хөтөлбөр хариуцсан ажилтан: Жагаа, Амка

To Top